
- Нийтэлсэн: Админ
- 2019-10-30
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ГОЛОМТОТ
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВИЙН ТОВЧ ТҮҮХ
Түүхэн товчоон
- Тарваган тахал эсэргүүцэх станц 1949-1961
- Гоц Аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах аймаг дундын станц 1961-1980
- Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станц 1980-1988
- Ариун цэвэр халдвар судлалын станцын гоц халдварт өвчний хяналтын тасаг-1988-1990
- Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар 1990-2007
- Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв 2007 оноос
Говь-Алтай аймаг байгуулагдсны дараахан үеэс эхлэн Хантайширын нурууны Дөтийн даваа орчмын нутагт тарвага мэрэгчдийн дунд тарваган тарваган тахлын эпизооти явагдан тарвага мэрэгч олноор үхэж улмаар 1945 оны 6-р сард Наран сумын нутаг Хойт Хужиртад Доохүүгийн Должинжав нохой зууж ирсэн тарвага өвчиж махыг хүнсэнд хэрэглэснээс болж халдвар авч тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилж нас барсныг Улиастайн тарваган тахлын станцаас их эмч Л.С.Соболева, М.И.Безрукова, ажилчин Т.Цангарав нар ирж тарваган тахал болохыг баталсан түүхтэй.
Энэ үеэр амьтан судлагч Г.С.Летовын олборлосон тарваганаас тарваган тахлын нянгийн өсгөвөр анх илэрсэн зэрэг нь Монгол Алтайн нурууны өмнөд салбар уулсын нэг Хантайширын нуруунд тарваган тахлын байгалийн голомттой болох анхны баримт нотолгоо болсон байна.
Түүнчлэн 1948 оны 9-р сард мөн Наран сумын Цахирын үзүүрт 2хүн, Дэлгэр сумын Цагаан индэртэд 1хүн, Аймгийн төвийн дээд Баянтолгойд 1хүн тус тус тарваган тахлаар өвчилж нас барсныг Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүд оношийг тогтоож голомтыг цомхотгон дарсан байна.
Энэ байдалтай уялдуулан Говь-Алтай аймагт анх 1949 оны 3-р сарын 1-нд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 34/153 тоот тогтоолоор „Тарваган тахал эсэргүүцэх станц,, нэртэйгээр Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлах Байгууллагын суурь тавигдаж тус станцыг Зөвлөлтийн мэргэжилтэн их эмч Р.Р. Живоляпина, зоологич В.ВЛягнибеда нарын хүчин туслалцаатай байгуулагдсан байна.
Тарваган тахал эсэргүүцэх анхны станц 17 орон тоотой ажлаа эхлэж анхны даргаар Их эмч Цэнд, зоологи Юра, баклаборант Ц.Очир, зоолаборант Бэгз, препаратор С.Чойсүрэн, санитар Халтар, хэлмэрч Батаа, нягтлан бодогч Түвдэн, жолооч Ү.Чоглом, сахиул Маргад, цэгийн сувилагч Л.Жамбал, Ё.Мөнхөө, Б.Юнрэн, Базар, Монхор, С.Хоролсүрэн нар ажиллаж байжээ.
Тэр үед станц пулу маркийн ганц автомашинтай одоогийн халдвартын эмнэлгийн ард мал эмнэлгийн лабораторийн ард 2 жижиг шавар байшинд лаборатори, заразка нь байрлаж контор, агуулах зэрэг нь 2 гэрт байв. Станцад 1949 оноос эхлэн Зөвлөлтийн мэргэжилтэн их эмч Р.Р.Живоляпина (1949-1950), Разарманова 1950, И.П. Дружинина, 1951, Т.А.Черницкая 1952, Л.А.Смирнова 1953, Ю.М.Ёлкин 1954, В.Р.Гулидова 1955, А.А.Гребенчук 1956, В.Е. Трасова 1954, биологич А.А.Демидова 1951, З.И.Климова 1952-1953, Романова 1954, Ю.Д.Чугунов (1955-1957 он) нар ээлжлэн ажиллаж өвлийн цагт нутаг буцаж тус станцын монгол дунд мэргэжилтнүүд даргаа орлон ажиллаж байв.
1954 онд улсын төсвөөр одоогийн цэвэрлэх байгууламж байгаа газарт лабораторийн барилга баригдан ашиглалтанд орж 1955 онд агуулахын барилга, 1956 онд Улаанбулан, 1962 онд конторын барилга баригдан тохижиж 1985 он хүртэл суурьшин ажиллав.
1949 онд станцын жилийн төсөв 106,0мянган төгрөг байжээ. Станц 1952 онд Газ-51, 1956 онд Газ-63, 1966 онд Газ-53, 1968 онд Газ-469 автомашинууд аван хүч чадал нь бэхжсэн байна.
1958 он хүртэл ажилласан Зөвлөлтийн эдгээр эмч мэргэжилтнүүд нь станцыг аж ахуй зохион байгуулалтын хувьд бэхжүүлэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, голомт хяналтын шинжилгээний ажлыг хийж эхэлсэн байна.
Манай станцад ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс зоологич Ю.Д.Чугунов Говь-Алтайн нурууны тарваган тахлын голомтын агуулагчдын талаар хэд хэдэн бүтээл гаргасны дотор томоохон нь 1960 онд Говь-Алтайн тарваган тахлын байгалийн голомтын амьтан судлалын шинж чанар гэсэн бүтээлээ бичиж дуусган биологийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг амжилттай хамгаалсан юм.
1958 оноос үндэсний мэргэжилтэн их эмч Л.Даваа, 1959 онд зоологич Г.Долгор нар төгсөн ирж зөвлөлтийн эмч мэргэжилтнүүдийн халааг авч зөвлөлтийн мэргэжилтэн Л.И.Михиалов, Бубленко нартай хамтран ажиллаж эхэлжээ.
Энэ үеэс станц мэргэжлийн боловсон хүчнээр үндсэндээ хангагдаж мэргэжлийн лаборант Л.Ваанжав, Д.Рагчаа, сувилагч Н.Лүндэн нар мэргэжил эзэмшин ажиллажээ.
1961 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 510 тоот тогтоол гарч тарваган тахлаас гадна гоц халдварт болон зоонозын зарим халдварт өвчнийг хамруулан судлах болсны зэрэгцээ Ховд аймгийн зүүн талын 10 сумын нутгийг хамран шинжилгээ судалгааны ажлыг хийж байхаар болж Гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах (ГАХӨЭС) аймаг дундын станц болон өргөжсөн байна. Станц ингэж өргөжсний зэрэгцээ хийх шинжилгээ судалгааны ажлын цар хүрээ өсч орчин үеийн шинжилгээний аргууд нэвтэрч эхэлсэн байна. 1975 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн "Говь-Алтай аймгийн тарваган тахлын голомтонд авах арга хэмжээний тухай" 123 тоот тогтоол гарч тус аймгийн ГАХӨЭС станцын дэргэд голомт эрүүлжүүлэх групп байгуулж автомашин мэргэжлийн боловсон хүчнээр хангаж энэ үеэс эхлэн байгалийн голомтын эрсдлийг бууруулах, агнан сийрэгжүүлэх, шимэгч устгалын ажил хийж эхэлсэн байна.
Тус станц 1985 онд 4 айлын орон сууцны 2 модон барилгыг улсын төсвөөр ажилчдынхаа хүчээр барьж ашиглалтанд оруулж улмаар өргөжүүлж 2 автомашины граж, склад, туршилт сорилын амьтны байр, ариутгалын цэгийн байр, зэргийг барьж одоо хүртэл ажиллаж байна.
1984, 1989 онуудад орчин үеийн нүүдлийн лабораторийн 2 автомашин авсан явдал тус байгууллагын голомт хяналтын шинжилгээний ажил болон хүний өвчлөлийн дуудлаганд явж ажиллахад ихээхэн дэвшил гаргасан юм.
Говь-Алтай аймгийн тарваган тахлын байгалийн голомт нь Монгол орны тарваган тахлын байгалийн голомтын хамгийн өндөр идэвхтэй голомтонд хамрагдах ба аймгийн 18 сумын Хөхморьтоос бусад 17 сумын нутаг нь тарваган тахлын байгалийн голомттой болох нь тогтоогдсон байна.
Говь-Алтай аймгийн түүхэнд 1945-2010 оны хооронд 49 удаагийн тохиолдлоор 94 хүн тарваган тахал өвчнөөр өвчилж 66 нь нас барж 28 нь эдгэрсэн байна.
Эдгээр өвчлөлийг авч үзвэл 1945-1955 оны хооронд 23 тохиолдлоор 59 хүн тарваган тахлаар өвчилсний 7 нь эдгэрч 52 нь нас барж байснаас үзэхэд энэ үед тээвэр холбоо хөгжөөгүй, мэргэжлийн байгууллага, мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдаагүй байсантай холбоотой байжээ.
Эдгээр өвчлөлийн голомтонд Завхан, Баянхонгор, Загийн тарваган тахалтай тэмцэх станцууд дуудлаганд үйлчилж ихэвчлэн Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүд голомтыг цомхотгон дарах ажлыг гүйцэтгэж байсан юм.
1973-2010 оны хооронд 26 тохиолдлоор 35 хүн тарваган тахлаар өвчилж 21 хүн нь эдгэрч 14 хүн нас барснаас харахад энэ үед мэргэжлийн байгууллага бэхжиж дээд ба дунд мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаж харьцангуй мэдээ мэдээлэл, зам тээвэр харилцаа хөгжиж хүмүүсийн амьдралын дадал заншилд ч өөрчлөлт гарсантай холбоотой.
Харин 1956-1973 он хүртэл 17 жилд тарваган тахлаар хүн өвчлөөгүй байна. Тус аймагт тарваган тахалтай тэмцэж ирсэн түүхэнд анх 1952 онд Баян-Уул сумын нутаг Хөшөөтөд гарсан тарваган тахлын дэгдэлтийн үед уушигны анхдагч хэлбэрийн тахлаар өвчилсөн А.С эмчлэгдэн эдгэрсэн нь тарваган тахлаар өвчилж эдгэрсэн анхны тохиолдол болжээ.
Тарваган тахлаар өвчлөгсдийн 70.2%-ийг нь эрэгтэйчүүд эзэлж нийт өвчлөгсдийн 85.7% нь ахуй хавьтлын замаар халдвар авч өвчилсөн байна. Эдгээрээс 3 тохиолдол нь байгалийн голомтоос амьсгалын замаар амьтнаас шууд халдвар авсан ховор тохиолдол байна.
Тус төвд ажиллаж байсан үе үеийн эмч мэргэжилтнүүд тарваган тахлын байгалийн голомт, тахлын агуулагч дамжуулагч болон илрүүлсэн нянгийн өсгөвөр, хүний өвчлөл, өвчлөлийн эмнэл зүй, эмчилгээний талаар судалгаа хийж, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь хэвлэгдэн гарсан байна.
1967 онд болсон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аялах семинари болон Зөвлөлт-Монголын тарваган тахал судлаачдын анхдугаар бага хуралд их эмч А.Даваа оролцон Москва, Баку, Алма-Ата зэрэг хотуудад аялж Говь-Алтай аймаг дахь тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдлын талаар мэдээлэл хийж илтгэл тавьж хэлэлцүүлж байжээ.
1975, 1977, 1980, 1982 онуудад болсон Монгол зөвлөлтийн тарваган тахал судлаачдын II-V хурлуудад паразитологич Н.Гүнд оролцож Монгол-Алтайн тарваган тахлын голомтын дамжуулагчид зүйлийн бүрдэл, тэдгээрийн онцлогийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.
Түүнчлэн БГХӨСҮ Төвийн эрдмийн зөвлөлийн шугамаар жил бүрийн 3-р сард болдог эрдэм шинжилгээний бага хуралд паразитологич Н.Гүнд их эмч Ч.Түмэннасан, Б.Буриад, зоологич Н.Сумъяабазар нар шинжилгээ судалгааны олон илтгэл тавьж хэлэлцүүлэн илтгэл судалгааны ажлууд нь хэвлэгдэн олон түмний хүртээл болсон байна.
сэтгэгдэл үлдээх: